Биеэ засаад гэрээ зас Гэрээ засаад төрөө зас
гээд л бараг хүн болгон амны уншлага шиг л хэлэх болж, бас
Төрийн төлөө огтоно боож үхнэ гээд нэг мундаг амны хаалт үг байна.
Эдгээр үгийг яг бидний хэлдгээр ухаант ард түмний маань үгүү? Эсвэл Манжийн Энх Амгалан хаан Монголчуудыг дарж тогтоож байх гэсэндээ ард түмний дунд цээжлүүлсэн үгүү? Бас мэдэхгүй л юм. Ямартай ч одоогийн нөхцөлд арай л тохирохгүй байгаа мэт.
Аль нь боловч бид эдгээр үгийн утгыг дахин бодож үзмээр мэтээ. Хэлээд байгаа мөртлөө яг ямар утгатайг нь мэдэхгүй л хэлцгээгээд байх шиг..
За биеэ зас гэнэ. Яаж засах вэ? Ямар ч байсан хувцас хунараар гоё гэсэн үг биш нь ойлгомжтой. Тэгвэл одоо бидний яриад байгаа хичээл номоо сайн сур, эрдэм мэдлэгтэй бол гэсэн үг үү? Яах гэж? Гэр засахын тулд миний мэргэжил ямар хэрэгтэй болж байнаа? Би компьютерээр ч юмуу, анахаагаахаар ч юмуу баахан судалгаа хийе, зөндөө их зүйл мэдэж авлаа.. Тэгээд гэрээ засах гэсэн болдоггүйээ. Яасан бэ? Яагаад гэвэл ямар ч хамаагүй зүйл шүү дээ. Би Монголд очоод газар авах гэсэн чинь би Японд хахууль өгөхийг биш өөрийнхөө мэргэжлийн хичээлээ сурч байгаад ирсэн хүн, яах вэ? Газар байхгүй бол гэрээ барьж чадахгүй, ингэхээр биеээ зас гэдэг үг маань эрдэм сур гэсэн үг бас биш юм шиг байнаа? Тэгээд юу гэсэн үг юм болоо?
Ингээд нөгөө хариултаа хайж гарваа, тэгээд нэгэн хүний номыг уншиж суугаад ер нь биеээ зас гэж ёс суртахуунаа, өөрийгөө зас, хүсэл эрмэлзлэлтэй, тэрнийхээ төлөө цаг, заваа зохицуулаад ажиллах чадвартай, мэдлэг сурлагынхаа хажуугаар ирээдүйн амьдралаа, хаань гэрээ барих, тэрийг барихад юу хэрэгтэй зэргийг бодох чадвартай, харах чадвартай, дотроо бодолтой, дороо суурьтай хүн болж өөрийгөө зас гэсэн үг юм болов уу? Гэж бодлоо.
За тэгээд биеээ засах гээд хичээлээ. Хэзээ биеэ засч дуусах юм бол? За яахав биеээ тэгээд засчихдаг юм байж гэж хийсвэрээр бодъё л доо. Тэгтэл ер нь энэ гэрээ зас гэж бас юу гэсэн үг юм болоо? Байр машин аваад, сайхан тавилгатай болохоор гэрээ засчихаж байгаа хэрэг бас биш байлтай. За магадгүй сайн санаа нийлсэн, бие биедээ үнэхээр хайртай, хүнтэйгээ суугаад үр хүүхэд төрүүлээд Монголчуудын хэлдгээр “айл шиг айл” гэдэг нь болохыг хэлэх юм болов уу. За тийм гэж бодъё, гэтэл тийм айл болтол яах хэрэгтэй вэ? Мэдээж байр байшин, хүүхдийн сургалтын төлбөр гээд л санаа зовох юм мундахгүй. Тэрийг бүгдийг олж дуусаад төрөө засах гээд л гүрийгээд байдаг. Тэгэхээр гэрээ засаж байж биеээ засна гэж явсаар мартамхай ч болдог, босож суухдаа ядрах болдог, зарим нь ч тэнгэрт халидаг. Тэгээд төрөө засах хэрэг үү?
Тэгэхээр хүн гэдэг үхэн үхтлээ амьдралынхаа туршид биеэ засаж, уншиж мэдэж, соёлжиж, өөрийгөө хөгжүүлж, гэр орноо ч засаж, үр хүүхдээ ч сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлж явах хэрэгтэй юм болов уу? Түүний хажуугаар улс орон маань юу болж байна? Би ингэхэд ямар нөхцөлд яаж амьдарч байна, энэ дээрх улсууд эх орныг хааш нь чирээд байна гэж сонирхож харж, бодож ярилцаж зөвлөцгөөж явах хэрэгтэй юм болов уу?
Тэгтэл бид “төрийн төлөө огтоно боож үхнэ”, “Би улс төржих дургүй”, гээд л явж байтал өөрийгөө боловсруулах гэтэл ном худалдаж авах мөнгөгүй, гэрээ засах гэтэл орох орон байр авах, эхнэр хүүхдээ тэжээх мөнгөгүй байж байвал яаж өөрийгөө засаад, гэрээ засаад, дараа нь төрөө засах болж байна вэ? Тэгэхээр хүн бүр л өөрийн чадах чинээгээр улс төрийг сонирхож мэдэж хаана хэн юу хийж явааг харж, ард түмэн төрдөө үгээ хүргэдэг, төр нь сонсоод хэрэгжүүлдэг тогтолцоо байхгүй бол төрийн минь сүлд өршөө гээд сүлдэнд залбирсаар явтал нөгөө төрийг нь удирдаж байгаа нөхдүүд гэрээ засаж дуусаад төрөө засах гээд л үзээд байтал улс нь улам бүр л доройтоод байдаг ч байж мэдэх юм. Төр л бидний цалинг нэмнэ, алив нэм гээд л хараад суугаад байдаг. Уг нь хүн бүр улс төрч байж, төрдөө шаардлагаа тавин, төр нь ч зөв замыг барьж улс орноо удирдан хөгжүүлэх ёстой баймаар. Миний цалинг нэм гэж суугаад байхгүй савнаас илбээр хоол гаргаж өг гэсэнтэй адил мэт. Авилгал гээд л яриад байгаагаас биш хэн ч түүнийг алга болгоё гэхгүй, хүн бүр л өгч авч байна. Угаасаа би өгөхгүй бол өөр нэг нь өгнө, би авахгүй бол хэн нэг нь авна гээд л... Бидний энэ байдал хэтэрхий тулга тойрсон, амиа хичээсэн, зүгээр нэг өсөж үржиж, үр төлөө тэжээгээд л өөрөө үхдэг шавьж хорхойноос ялгаа байхгүй байгаа мэт. Ирээдүйг арай холыг харцгаах хэрэгтэй ч байж магадгүй л юм.
Мэдэж л байна, харж л байна, би тэрийг чинь чамаар хэлүүлэлтгүй мэдэж байна гэж та бодож байж магадгүй л юм, гэвч олон янзаар л ярьцгааж, бодоод явцгааж буй ч, гар бие юм хийцгээе, тэр төр засагт үгээ хэлье гээд гар хөдөлгөж гэцгээж байгаа нь арай л цөөхөн байгаа мэт?
"Гэгээ" МХ-д зориулан бичсэн юм. Хүмүүс засаж өгөөрэй!